Friday, 2024-04-26, 2:40 AM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нүдний ханиад


Ханиад, томуу ихсэж байгаа энэ цагт бас нэгэн төрлийн ханиад газар аваад байна. Энэ нь хүмүүсийн хэлдгээр "Нүдний ханиад" гэх өвчин юм. Энэ талаар мэргэжлийн хүний яриаг хүргэхийн тулд өнөөдрийнхөө буланд "Гялс төв"-ийн Нүдний их эмч П.Цэрэндавааг урьж оролцууллаа.

-Сүүлийн үед нүдний ханиад гэж их ярих болсон. Энэ өвчин юунаас болж үүсдэг вэ?
-Нүдний ханиад гэж хүмүүс их ярьдаг. Энэ өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд нүдний халдвартай эмгэг юм. Уг өвчлөлийн үед нүднээс их хэмжээгээр нулимс гарч, нуухтах шинж тэмдэг илэрдэг. Иймээс гарч байгаа нулимс, нуух нь маш их халдвартай байдаг. Үүнээс эрүүл хүн ахуйн болон амьсгалын замаар халдвар авдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцэл сул байвал бүр амархан тусна.

-Нүдний ханиад хүрсэн хүн яах ёстой вэ?
-Юуны өмнө нүдний мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингээд эмчид үзүүлсний үндсэн дээр эмчилгээг зааврын дагуу хийх нь чухал. Нүдний ханиад хүрсэн тохиолдолд эмийн сангаас дур мэдэн эм авч хэрэглэснээс хугацаа алдан өвчнөө хүндрүүлэх тохиолдол их гарч байна. Тухайн үрэвсэл нь эхэндээ салстын хэмжээнд голдуу нэг нүд өвчилдөг. Энэ үед нь үзүүлээд зохих эмчилгээг нь хийлгэвэл нүдний эвэрлэг үрэвсэж, өвчин хүндрэхгүй.

-Хүндэрсэн тохиолдолд гарч болох хор уршиг юу вэ?
-Ер нь бол вирүсээр үүсгэгддэг өвчин учраас удаан эдгэрдэг. Нүд нь өвчилсөн хүн дор хаяж 14 хоногоос сарын хугацаанд эмчийн хяналтад үзүүлж байх шаардлагатай. Тийм учраас цаг алдалгүй хөнгөн үед нь эмчлүүлбэл зүгээр. Бас нэг анхаарах чухал зүйл бол аль болох сайн унтаж амрах, шингэн зүйл уух, биеийн эсэргүүцлээ сайжруулах явдал юм.

-Нүдний ханиад хүрэхээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Уг өвчнөөс сэргийлэхийн тулд юуны өмнө биеийн эсэргүүцлээ сайжруулах нь чухал. Мөн өвчтэй хүнтэй ойр байхаас аль болох зайлсхийх, нүүр гарын алчуур, нүдний дусаагуураа сольж хэрэглэхгүй байвал өвчин авахгүй. Бас бохир гараар нүдээ нухахгүй байх, гараа ойр ойрхон угааж байх хэрэгтэй.

-Хүмүүс нүд улайгаад загатнаад байна гээд л янз бүрийн нүдний дусаалга хэрэглээд байдаг. Энэ зөв үү эсвэл...?
-Нүдний дусаагуур нь маш олон төрөл байдаг. Таамгаар янз бүрийн дусаалга хэрэглэж болохгүй. Хүмүүс хүнээс сонссон дам яриагаар ч юм уу, эмийн сангаас асуугаад сайн гэх юм бол л аваад хэрэглэчихдэг. Энэ нь маш буруу алхам юм. Нүдэнд ямар нэгэн зовиур илрэх юм бол нүдний эмчид үзүүлж зөвлөгөө авсаны дараа өвчиндөө тохирохуйц дусаалгыг авч хэрэглэж болно. Яагаад гэвэл нүдний асар олон өвчлөл байдаг, түүнд тохирсон эм гэж байдаг.

-Мэдээллийн эрин зуунд хүмүүсийн дунд компьютерийн хэрэглээ ихэсч байна. Үүнтэй холбоотойгоор компьютерийн ард удаан сууснаар нүд улайж, өвдөх болсон. Энэ үед нүдээ хэрхэн арчлах вэ?
-Сүүлийн үед хүмүүс ажлын хэрэгцээ, шаардлагаасаа болоод компьютерийн ард удаан хугацаагаар суух нь нэмэгдсэн. Ингэснээр нүд ядарч, хуурайшиж улайдаг. Ер нь хүн нэг юм руу удаан харахад нүдний цавчилтын тоо цөөрч, нүд хуурайших нь ихэсдэг. Тэгэхээр ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Компьютерийн ард удаан суусан ч гэсэн нүдээ амрааж, хөдөлгөөнтэй байвал зүгээр. Нэгэнт хуурайшилт үүссэн тохиолдолд хуурайшилтын эсрэг эм, тухайлбал хиймэл нулимс гэх мэтийг эмчийн заавраар хэрэглэвэл сайн.
Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-03-02)
Views: 745 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: