Friday, 2024-04-19, 11:13 PM
Main Registration RSS
Welcome, Guest
Tag Board
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Main » Articles » МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Компьютерийн вирус гэж чухам юу билээ

Хүн төрөлхтөнийг адбишийн хүчирхэг дайснаас авран хамгаалах ер бусын супер эрчүүд болох "Супермэн", "Батмэн", "Хүн аалз” зэрэг нь хүний оюун санаагаар бүтээгдсэн баатрууд юм. Гэхдээ тэд кино, видео, компьютер зэрэг виртуал ертөнцдөө  л тулалддаг билээ. Өөрөөр хэлбэл бидний оюун санаанд бий болсон дайсныг уран санаагаар төрсөн баатрууд маань сөнөөж сэтгэл оюун цэлмэдэг гэсэн үг. Гэтэл өдгөө интернет гэгч кибер ертөнц бий болсноос хойш хүн төрөлхтөн үнэхээр хоёр ертөнцөд зэрэгцэн амьдрах болсон юм.

Энэ цагаас эхлэн махан бодид төрсөн цусан зүрхт хүмүүнд кибер ертөнцийн зүгээс үнэхээр бодит аюул заналхийлэх болсон бөгөөд энэ нь компьютерийн вирус билээ. Өрх бүхэн компьютержсэн монголын тал нутагт ч вирус хэмээх дайсан өдөр алгасалгүй довтолж бидний хийсэн бүтээснийг эвдэн бусниулахаар цаг ямагт заналхийлж байна. Интернетгүй газар ч зөөгч плэш, CD, MP тоглуулагчаар дамжин вирус халдсаар байна. Компьютерийн вирус гэдгийг өнөөдөр дайсагнагч програм гэдэг утгаар нь ойлгох болжээ. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын ажлыг амжуулдаг ачтай тустай програмуудын эсрэг вирус хэмээх дайсагнагч үй олон програмыг зохион бүтээгээд түүгээрээ амьдарч, орон зайгаа олж байдаг бүхэл бүтэн "хар” үйлдвэрлэл нэгэнт хүчээ авсан байх юм. Компьютерийн вирус гэгч нь одоо манайд ид дэлгэрээд байгаа гахайн ханиадны вирус шиг нэгэнт л контакт авсан бол өөрийгөө хувилах замаар өсөн үржиж байдаг зүйл билээ.

Жишээ нь:  Trojan-Downloader.Win32.VB.bnp вирус гэхэд л мөнөөх дунд сургуулйн түүхийн хичээлд үзэж байсан Трой хотыг чөлөөлөхөөр аварга том морь бүтээж түүн дотроо орон нуугдаж байгаад шөнө хэрмэн дотроос нь довтолсон овжин түүхийг бэлгэдэн бүтээгдсэн вирус байх юм. Өөрөөр хэлбэл мөнөөх морины дотор нуугддаг шиг л энэхүү вирус нь компьютерт маань сэмхэн ороод өөрийгөө хувилан чухал чухал бичиг баримтыг маань устгаж гар мухарлах зорилготой дайсан билээ. Эсвэл таны компьютерт нэг үл таних нөхөр дэлхийн аль ч өнцөгөөс юм давхиж ороод хамаг юмыг чинь онгичоод эгээ л унтлагын өрөөг тань түйвээхтэй адил болгочихвол ямархан сэтгэгдэл төрөх билээ дээ.

Өнөөдөр дэлхийн олон банк санхүү, хөрөнгийн арилжааны байгууллага, тэр ч бүү хэл цэрэг батлан хамгаалах, тагнуулын байгууллагууд хүртэл вирусын довтолгоонд өртсөн уртын урт түүх бий.

Вирусыг анх хэн бүтээсэн нь тодорхой бус байдаг. Учир нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай математикийн автоматын судалгаан дээр аль тэртээ 1940-өөд онд алдарт Жон фон Нейман ажиллаж байсан бөгөөд улмаар тиймэрхүү автоматыг бүтээж болох аргачлалын талаар 1951 онд олонд дэлгэж байжээ. Үүнээс хойш 1959 онд "Scientific American” сэтгүүлд Л.С. Пенроуз өөрөө өөрийгөө сэргээх механик бүтцийн талаар өгүүлэл нийтлүүлсэн байх юм. Үүний өмнөх өгүүллээс ялгаатай нь өөрөө идэвхжин үржих төдийгүй, мутац буюу дүрс хувиралд орох замаар биеэ нуун далдлах чадвар бүхий хоёр хэмжээст бүтцийн талаар анх удаа тодорхой өгүүлсэн байлаа. Мөн үүний мөрийг даран өөр нэгэн эрдэмтэн Ф. Ж. Шталь IBM 650 дээр машины кодын тусламжтайгаар практикт анх удаа  жинхэнэ бодит загварыг нь бий болгосон юм.

Энэ бүх эрдэм шинжилгээний судалгаа нь өнөөгийн бидний толгойн өвчин болоод байгаа компьютерийн вирусыг зохиох гэсэн зорилго агуулаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Харин тэдгээр эрдэмтэний ажил нь хиймэл оюун ухаан болон робот техникийг зохион бүтээхэд зориулагдсан нөр их зүтгэл байсан билээ.

Харин 1962 онд Bell Telephone Laboratories пүүсийн ажилтан В.А. Высотский, Г.Д. Макилрой болон Роберт Моррис нар "Дарвин” хэмээх компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн бөгөөд энэ нь виртуал орон зайд задлан шинжилгээ хийх замаар эсрэг этгээдийнхээ прогамын бүхий л хувийг олж устган өөрөө ганцаараа үлдэж байлдааны талбарыг эзлэх зорилгоор ажилладаг зарчимтай байв. Гэвч энэхүү өөрөө өөрийгөө хувилан бий болгож, хэд дахин сэхэх чадвартай математикийн ухаант обьектийг буруу гарынхан ашиглаж бүгдийн тав тухыг алдуулна хэмээн хэн сэтгэх билээ.

Орчин үед вирусын програмыг хэн ямар зорилгоор зохиогоод байна гэдэгт судалгаа хийгээд үзтэл тэдний дийлэнх нь програмчлалын хичээл эхлэн үзэж байгаа ахлах сургуулийн сурагчид болон оюутнууд болох нь илэрчээ. Тэдний вирус сургуулиасаа ч бараг хэтрэлгүй тодорхой хугацааны дараа устаж алга болдог байна.

Вирус бүтээгч дараагийн бүлэг хүмүүс нь залуучууд (дийлэнхи нь оюутан)  бөгөөд тэд мөн л програмчлалыг тэр бүрий төгс эзэмшээгүй хүмүүс байдаг байна. Тэдний туйлын зорилго нь зүгээр л өөрийгөө илэрхийлэх, кибер орон зайд танхайрах явдал юм. Тэдний гараас ихэвчлэн маш их алдаатай (оюутны вирус гэгддэг) бүтээл гардаг байна. Учир нь олон тоогоороо интернэтэд гарах болсон вирус хэрхэн зохиох, яаж хакердах талын ойр зуурын хичээлүүд дээр л тэд нарын мэдлэг тулгуурласан байдагт оршино.

Орчин үеийн вирусны 10%-ийг иймэрхүү бүтээлүүд эзлэдэг бол үлдэх 90% нь ёстой жинхэнэ "нийгмийн халдварт өвчин" гэнэ.

Гурав дахь хэсэг буюу ёстой жинхэнэ "мэргэжлийн” вирус бичигч арай ахмад настны бүлэг л өдгөө дэлхий дахиныг зовоогоод байгаа бөгөөд тэдэнтэй тэмцэх гэж маш их оюун ухаан, нөр их хөдөлмөр, тооцоолж гүйцэшгүй хөрөнгө зарцуулагдаж байна.

Гэтэл бас дөрөвдөх бүлэг бий бөгөөд тэдгээр нь "шинжлэн судлагчид" гэнэ. Тэдгээр нь гайхамшигт програмчид бөгөөд өнгөлөн далдлах, халдварлуулах, вирусын эсрэг програмуудтай сөргөлдөн зогсох зэрэг цоо шинэ  арга зарчмыг зохион бүтээж суудаг байна. Шинэ үйлдлийн систем гарлаа гэхэд тэд түүн үрүү хэрхэн нэвтрэх вэ гэдгийг буюу уг програмын алдааг хамгийн түрүүн олж илрүүлдэг хүмүүс гэнэ. Тэд вирусыг өөртөө ашиглахын төлөө бус компьютерийн боломжийг нэмэгдүүлэхийн төлөө бүтээнэ.

Энэхүү хавтгай дэлхийн хаа нэг өнцөгт хорон санаатан Trojan-Spy.Win32.Banker.lax мэт вирусыг зохиогоод ертөнцийн аль ч банкны компьютерийн сүлжээнд нэвтрэн орж хамаг мэдээллийг нь устгах аюулыг улаан гараараа тариад сууж байна.

Тэгвэл саяхан "Касперскийн Лаборатори” аудиофайл буюу дуут файл хэлбэрээр 25-33 секундын хугацаанд нүд ирмэх зуур өөрийгөө хувилан тараадаг дэлхийн анхны mp3 форматийн спам вирусыг илрүүлээд байна. Spam буюу stock-спам нь захиа хэлбэрээр хүмүүсийн цахим шуудангаар тардаг бөгөөд энэхүү дуут вирусын хувьд түүнийг нээхэд Exit Only Inc компанийн хувьцаа худалдаж авна уу хэмээх эмэгтэй хүний бүдэг дуу гаргадаг гэнэ.

Энэ мэтээр дэлхий маань вирусэндээ идэгдээд Касперский мэтийн ухаантнууд бидний хамгаалахаар зогсоо чөлөөгүй ажилласаар байна. Өөрөөр хэлбэл дайн дөнгөж л эхэлж байна. Тэгвэл Касперский гэж хэн билээ.

Хэн биднийг вирусын довтолгооноос хамгаалдаг вэ?

Тэгвэл биднийг кибер ертөнцийн дайсан-вирусын довтолгооноос хамгаалах ариун манаанд нүд цавчилгүй ажилладаг дэлхийн иргэн-жинхэнэ бодит супермэний нэг нь Оросын иргэн, програм зохиогч Евгений Валентинович Касперский юм.

Дэлхий дахинд Оросын брэнд болсон энэхүү Евгений Валентинович Касперский 1982 онд Москвагийн улсын их сургуулийн дэргэдэх академич А.Н.Колмогоровийн нэрэмжит физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ан-гийг төгсөөд дараа нь холбоо, мэдээллийн технологийн дээд сургуулийг дүүргэж эрдэм шинжилгээний хүрээлэнд судалгаа хийж байсан боловч 1989 онд өөрийх нь компьютер дээр тэр үеийн орост тахал мэт тархсан "Cascade” вирус илэрснээр түүнийг судлан 1991  онд устгах програм зохиож вирустэй ноцолдох хобби нь эхэлжээ. Оросын аюулаас хамгаалах хороо буюу КГБ-ийн хараанд тэрээр энэ ажлаараа өртөж кибер дайснуудаас эх орноо хамгаалах албанд ахлах дэслэгч цолтойгоор зүтгэж байгаад гар нийлсэн нөхдийн хамт  "AVP” (эдүгээ "Касперскийн Антивирус”) төслийг эхлүүлжээ. 1997 оноос эхнэр Наталья болон, хэсэг нөхдийн хамт "Касперскийн Лаборатори”-г байгуулж өөрөө вирусын програмын боловсруулалт, харин эхнэр нь маркетинг дээрээ ажилласнаар дэлхийн олон оронд салбар бүхий 800 ажилтан, энэ ертөнцийн 250 сая хэрэглэгчтэй, 2007 онд гэхэд л 200 сая долларын эргэлттэй  агуу том IT компани болон өргөжсөн бөгөөд, санхүүгийн захирал Евгений Буякины бодлоор бол 5 жилийн дараа гэхэд  тэрбум долларыг эргэлдүүлж, вирус хамгаалалтын дэлхийн номер хоёр McAfee компанийг ардаа орхих ажээ. Гэвч сүүлдээ маркетингийн бодлого дээрээ эхнэртэйгээ үг нийлэхээ больж 5 жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулж "Касперскийн Лаборатори”-ийн ерөнхий захирлын албыг өөрөө хаших болсон бөгөөд хувьцааны 80% -ын хяналтын багцыг хамтран эзэмшиж байсан экс эхнэртээ  бас нэг охин компанийнхаа 80% багцыг өгснөөр соёлтой зохицол хийжээ.

Гэвч Касперскийн ярианаас  үзэхэд 2000-2004 оны алдарт I Love You и Melissa хэмээх хоёрдахь үеийн вирус дэргэд нь тоглоом шиг санагдах гурав дахь үеийн буюу илүү чадварлаг аюултай вирусын үе эхлээд байгаа гэнэ.

Оросуудын 80% нь хэрэглэдэг "Касперскийн Антивирус”-ыг өдгөө монголчууд бараг 100% ашигладаг болоод байна.


Category: МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ | Added by: boy_killer (2011-03-18)
Views: 1186 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: